Monday, March 9, 2020

ЗӨВЛӨМЖ-9

ЗӨВЛӨМЖ-9 Ямар материалаар барих вэ?
2. Канад хийц бүхий каркасан барилга
Канад каркасан барилга буюу модон араг бүтээцэн барилга нь дэлхий даяар хамгийн түгээмэл ашиглагддаг төрөл юм. Үндсэн хийцлэлийн хувьд суурь нь металл болон төмөр бетон байж болох бөгөөд тодорхой хэмжээтэй брусс модоор барилгын үндсэн бүтээц (хана, хучилт, дээвэр гэх мэт) араг ясыг босгож каркас хоорондохыг дулаалгын материалаар дүүргэн дотор талаас нь модон төрөл бүрийн хавтангуудаар (Үртсэн, зоргодсон, наамал модон, гипсэн хавтан) доторлож, хавтангаар өнгөлөх ба харин гадна талаас нь ус чийгэнд тэсвэртэй гадна фасадны зориулалтын хөнгөн чанарын материалаар өнгөлнө.
Манай нөхцөлд уг материалыг өөр дээрээ дулаалгатай өнгөлгөөтэй сайдинг, цементэн хавтан, лакдсан болон ус чийгэнд тэсвэртэй рейк мод зэргээр өнгөлдөгөөс гадна тун цөөхөн тохиолдолд гадна хөөсөнцөр дулаалга дээр тортой шавардлага хийж эмульсээр будаж болно.
Тус барилгын араг бүтээцийг хийж буй материалаас шалтгаалан модон арагт бүтээц болон нимгэн төмөр арагт бүтээцэн гэж ангилах ба бусад туслах хийцийн болон өнгөлгөөний материалууд ижил юм.
Канад каркасан барилга буюу нимгэн төмөр карказ бүхий модон байшин нь дараах давуу талуудтай:




Үүнд:
• Нимгэн төмөр каркасан барилга нь хөнгөн жинтэй тул нүсэр суурь барих шаардлагагүй. Хэрэв үер усны аюул ихтэй газар буюу хэвгий газар барих шаардлага гарвал газрын түвшингээс хүссэн хэмжээгээрээ өндөрт барьж болно.
• Нимгэн төмөр каркасан барилга угсрахад мэрэгжлийн өрлөгчин, шаварчин, мужаан зэрэг мэргэжил шаардахгүйгээс гадна хүн хүч цомхон байдаг.
• Тэгш өнцөг болон шулуун хийц нь тэгш хэмтэй сайтай байдаг тул уг гадаргуу дээр хавтан суулгах, хаалга цонх угсрах, засал чимэглэл хийхэд хүндрэл гардаггүй.
• Нимгэн төмөр нь мод шиг чийгэнд эвдэрч муудахгүй, хортон шавьжинд идэгдэхгүй, хөгцөрч мөөгөнцөрдөхгүй. Төмөр каркас гал дэмжихгүй. Гэхдээ энэ нь түүнийг хучиж буй материалаас ихээхэн хамаарна.
• Нимгэн төмөр каркасан байшинг зөөж, угсрах боломжтой.
• Блок, бетон, тоосгон материалтай харьцуулбал нимгэн төмөр хийцлэл нь төрөл бүрийн загвар, дизайнаар төлөвлөн барилга барих илүү боломжтой.
• Нэгэнт барьсан байшингийн загвар хэлбэрийг нь өөрчилж хувиргах, нэмж хана залгах, зөөж угсрах, томруулж жижигрүүлэх боломжтой.
• Нимгэн төмөр каркасан байшингийн хаших хийц нь тоосго, блокон байшин шиг суулт өгөх, гажиж муруйх, хагарч гэмтэх зэрэг эвдрэлд орох нь бараг үгүй. Учир нь газар хөдлөлт аливаа хөндлөнгийн хүчинд тэсвэртэй уян хатан технологи.
• Угсрахад мэрэгжлийн өндөр ур чадвар шаардахгүй. Нимгэн төмөр нь барилгын төсөвт өртгийг бууруулахаас гадна материалын хаягдал гардаггүй. (Төмөр каркас 2%, Модон каркас 28%).
• Нимгэн төмөр каркасан байшин барихад уламжлалт тоосгон болон модон дүнзэн, блок, бетон байшингаас 2-4 дахин бага хугацаа зарцуулна.
• Өвлийн улиралд гүйцэтгэж болно.
• Хүнд даацын машин механизм шаардлаггүй.
• Олон байшин зэрэг гүйцэтгэхэд тохиромжтой.
Нимгэн төмөр каркасан барилга нь дараах дутагдалтай талуудтай.
• Дуу чимээ тусгаарлах чанар муу тул дуу чимээны бохирдолтой газар барихад тохиромжгүй.
• Салхины хүч ихтэй газарт ердийн стандарт хийцлэлээр барьсанаас шалтгаалж барилга шажигнаж дуугарах, цонх, хаалга амархан гажих зэрэг хүндрэлүүд гардаг.
• Гал тэсвэрлэлт тоосго, блок, төмөр бетон каркасан барилгатай харьцуулахад муу.
• Уг чиглэлээр мэргэшсэн бригад хүн хүч бага тул ихэнх нь бригад, мужаанууд ганц нэг хуримтлуулсан туршлага дээр үндэслэн барьж байна. Энэ нь уг барилгыг стандартын дагуу баригдахгүй байгаагын бас нэг шалтгаан болж байна.
• Уг хийцлэлийг төлөвлөдөг зураг төсөл, программ байхгүй, байсан ч ашиглахгүй байгаа нь мөн стандартын дагуу баригдахгүй байгаагын бас нэг хүчин зүйл юм.
• Энэ төрлийн барилгын чанар материалын чанараас шууд хамаардаг. Тиймээс материалын сонголт хийхэд мэргэжлийн бус хүнд ихээхэн төвөгтэй байж болно. Учир нь эдгээр материалууд импортынх бөгөөд олон янзын хэлбэр хэмжээ, чанартай орж ирж байгаа билээ.
• Бусад тоосго, блок, модон дүнзэн барилгуудыг бодвол насжилт бага.
• Байнгын бага зэрэг хүний болон бусад хүчин зүйлээс үүдсэн хөдөлгөөнд байж байдаг. Тиймээс олон жил болсон барилгуудын каркасны хоорондын холбоос суларч хөдөлгөөн орох, хавтан дулаалга нь унах, салж ойчих зэрэг эвдрэлүүд гарах боломжтой.
• Манай нөхцөлд үйлдвэр, оффис, олон хүн амьдрах 1-ээс дээш давхар байшин барихад тийм ч тохиромжтой биш.
• Манай нөхцөлд уг хийцлэлээр 3 ба түүнээс дээш давхар барилга барьсан туршлага цөөн. Энэ нь тооцоо, судалгаа гэхээсээ илүү норм, стандарт, түүнийг хангах чанартай материалын хомсдолоос шалтгаалдаг.
• Дулаалгыг хангалтгүй хийвэл нимгэн төмөр каркас нь өөрөө дулаан алдалтыг дэмжиж байшинг түргэн хөрч, удаан халахад гол хүчин зүйл болно.
• Хэдийгээр сайтар ганжуулсан байдаг ч байнгын чийг, ус материалын чанар, каркасны холбоосонд нөлөөлдөг.
• Чулуу, металл гэх мэт хүнд өнгөлгөөний хийц ашиглах боломж тааруу
Харин Канад модон каркасан барилгын тухайд давуу талууд нь.
• Ерөнхийдөө үндсэн давуу чанарууд нимгэн төмөр каркасан хийцтэй адилхан боловч зарим нэг үзүүлэлтүүд хавь илүү.
• Мод дулаан дамжуулалт багатай материал учир дулаалга сайтар хийсэн байхад дулаан алдагдалгүй байшин болно.
• Модон каркасан барилга нь нимгэн төмөр хийцтэй харьцуулахад илүү уян материал тул газар хөдлөлтөнд илүү тэсвэртэй.
• Модон каркасан барилга нь өвөл дулаан, зундаа сэрүүхэн байдаг.
• Эдийн засгийн хувьд бусад ямар төрлийн материалаас хэмнэлттэй зэрэг давуу талтай.
• Модон ферм, модон наамал дүнз зэргийг технологийн дагуу гүйцэтгэж төвөгтэй хийцлэл хол алгаслал зэргийг шийдэх боломжтой. Модон наамал дүнз зөв хийсэн бол ижил төрлийн хэмжээтэй нимгэн төмөр канад каркасан дам нуруунаас илүү ачаалал авна.
Канад модон каркасан барилга нь дараах дутагдалтай талуудтай.
• Монголын нөхцөлд сайтар хатааж ус чийгийн зохих түвшинд хүргэсэн мод, модон хийцлэл байхгүй тул газар хөдлөлийн идэвхтэй муж болон 2-оос дээш давхар барихад хийцийн шаардлага хангах боломж тааруу тул энэ тохиолдолд заавал мэргэжлийн хүн байгууллагад хандаарай.
• Нимгэн төмөр хийц болон модон хийцтэй канад каркасан барилгуудад голцуу шахмал үртсэн хавтан буюу ОСБ, гипсэн хавтангууд ашигладаг ба эдгээр нь ус чийг үздэггүй, хамгаалалтын үе тавихгүй (обой, будаг, замаск, эмульс гэх мэт) бол стандарт чийгээ алдах эсвэл хэт авах зэргээс деформацад ордог, уян хатан шинж чанараа алддаг зэрэг дутагдалтай.
• Хүний хүчин зүйл болон бусад үйлчлэлийн улмаас байнгын бага зэрэг хөдөлгөөнд оршдог нь бас л он удаан жилийн явцад барилгад сөргөөр нөлөөлдөг.
• Галын аюулд өртөх эрсдэл өндөр тул дотор цахилгааны шугам сүлжээг битүү галд тэсвэртэй хоолойд сүвлэж монтажлах шаардлагатай. Энэ нь ОСБ, гипсэн хавтан оролцуулан барьсан нимгэн төмөр каркасан хийцийн хувьд ч адил.
• Ус чийгнээс хийц эвдрэлд орох магадлал бас өндөр иймд ус тусгаарлагч материалыг сайтар ашиглаж, ашиглалтын явцад анхаарч байх шаардлагатай. Энэ нь ОСБ, гипсэн хавтан оролцуулан барьсан нимгэн төмөр каркасан хийцийн хувьд ч адил.
• Канад нимгэн төмөр хийцийн каркас ч тэр модон хийц ч тэр тоосго, блок, бетоноор барьсан барилгуудыг харьцуулвал ашиглалтын явцад дээрх барилгуудаас стандарт засвар үйлчилгээ нэг шат илүү ихтэй, үзлэг хийх давтамж ойрхон байдаг.
• Хортон шавьж, хулгана гэх мэт амьтад өсөж үржих таатай орчин болдог. Манай нөхцөлд үүний эсрэг модыг боловсруулах технологи бараг байхгүйтэй адил байна.
• Мэдээж барилгын насжилт бусад төрлийн барилгуудыг бодвол бага.
• Мөн тоосго, бетон, блокон барилгуудтай харьцуулахад канад хийцийн төмөр болон модон хийцийн барилгууд нь эргүүлэн зарж борлуулах үнэ өртөг бага.
• Тус төрлийн насжилт өндөр барилгуудын үнэлгээ жил ирэх тусам буурсаар л байдаг.



No comments:

Post a Comment