Monday, March 9, 2020

ЗӨВЛӨМЖ-8

Ямар материалаар хийх вэ?
1. Тоосгон барилгын давуу болон сөрөг тал:
Тоосгон барилга нь үндсэн даацаа болон даацын бус ханаа стандарт хэмжээтэй (голцуу 125ммx250мм h-65 мм) тоосгоор өрж барьсан барилгыг ойлгоно. Тоосгон барилгын ханын зузаан нь 120 мм, 250 мм, 380 мм, 510 мм, 640 мм тус тус байх ба 250 мм-ээс дээш бол даац авах хана гэж ойлгоно. Тоосгон барилга нь бетон болон төмөр бетон суурьтай, тоосгон ханатай, давхар дундын болон адрын хучилт (хамгийн дээд талын хучилт)-ыг угсармал төмөр бетон болон мод, төмөр хийцлэлтэй ч байж болдог. Тоосгон барилгад ханын зузаанаас шалтгаалж дулаалга зайлшгүй шаардлагатай болох ба дулаалгын гадуур ямар ч өнгөлгөө хийж хийхэд тохиромжтой. Тоосгон хана даац сайтай тул чулуун фасад хийсэн ч алзахгүй.




Тоосгон барилга нь дараах давуу талуудтай.
Үүнд:
• Тоосго нь өөрөө байгалийн шаварыг боловсруулж, өндөр температурд шатааж гаргаж авч байгаа нэг төрлийн дууриамал чулуу тул хүнд ээлтэй материалд тооцогддог.
• Тоосгон барилга нь модон болон нимгэн төмөр бүхий металл хийцлэлтэй канад хийцийн барилга, палкан байшингуудаас гал тэсвэрлэлт 2-3 дахин өндөр буюу целсийн 1200 градуст бүрэн эвдэрдэг.
• Механик үйлчлэлд тэсвэртэй тул граж, агуулах, төрөл бүрийн үйлдвэрийн барилгуудад хэрэглэх нь тохиромжтой байдаг.
• Тоосго нь хөгзөрч өмхрөх, хорхой шавьжинд идэгдэх, бусад органик “дайралтанд” тэсвэртэй тул насжилт өндөр.
• Тоосго нь өөрөө амьсгалдаг материал тул чийгийг хурдан өөртөө авдаг ч аажмаар тохиромжтой нөхцөлд түүнийг гадагшуулчихдаг. Энэ утгаараа хавсарч угсрагддаг дулаалга, модон материалуудад ээлтэй материал юм.
• Тоосго нь байгалийн төрөл бүрийн хүчин зүйлүүд буюу цас, бороо, салхи зэрэгт тэсвэртэй тул та бусад төрлийн барилгуудтай харьцуулахад урсгал засвар бага хийнэ.
• Тоосгон барилга нь дангаараа ханатай байсан ч дуу чимээний бохирдолыг бусад төрлийн материалаар барьсан барилгуудаас илүү бууруулна.
• Тоосгоны дулаанаа алдах чанар нь хөнгөн бетоноос 3,5 дахин их, мод болон модон материалаас 4 дахин их, төмөр бетоноос 3 дахин бага.
• Тоосгон өрөг нь бусад төрлийн материалтай их сайн зохицдог. Ялангуяа мод, төмөр, дулаалгын материалуудтай хоршиж гүйцэтгэх үед төрөл бүрийн бэхэлгээ,суулгалт, наах зэрэг үйл ажиллагаанд хүндрэл учирдаггүй.
• Хямд үнэтэй нийтлэг материал
Тоосгон барилга нь дараах дутагдалтай талуудтай.
• Тоосго нь мод, металл, төмөр бетон зэргийг бодвол хэт хөшүүн шинж чанартай тул барилгад бага зэрэг хөдөлгөөн ороход л эвдрэл үүсэх магадлал өндөр.
• Өрөлтийн явцад зуурмагт орсон давс нь фасадыг цагаан өнгөтэй болгодог. Энэ нь аажмаар арилдаг ч процесс нь их удаан.
• Дулаан дамжуулалтын итгэлцүүр мод, хөнгөн бетоноос өндөр бөгөөд энэ нь халахдаа удаан, хөрөхдөө хурдан байх тул байнга амьдардаггүй зуслангийн байшин, аялал жуулчлалын бааз зэрэгт тохиромжгүй.
• Мод, металл хийцийг бодвол хөдөлмөр зарцуулалт өндөртэй.
• Хучилт болон адрын хучилт хийх материалын онцлогоос шалтгаалж (голцуу угсармал төмөр бетон хавтан эсвэл модон болон төмөр палк, дам нуруу) стандарт хэмжээнд захирагддаг.
• Ханын өндөр хэт өндөр 3,2 м-ээс дээш бол тоосгон хананд бэхэлгээ зайлшгүй хийх шаардлагатай болдогоос зардал өсдөг.
• Тоосгон барилга нь өөрөө төмөр бетон угсармал болон цутгамал эдлэлүүдтэй хоршиж баригддаг (төмөр бетон яулуу, угсармал төмөр бетон хавтгаалж , угсармал шат гэх мэт) тул заавал том оврын машин, өргөх кран зэрэг шаардлагатай болно.
• Тоосгон барилгын заслалын ажлыг өрлөг чанаргүй буюу муруй хазгай, босоо хэвтээ анг заадасыг дутуу хийсэн, өрлөгийн сетка тавиагүй, эсвэл дээд таазанд нь тултал гүйцээж өрөөгүй, мөн суултаа аваагүй байхад нь гүйцэтгэхэд заслын хагарал үүсэх шалтгаан болдог. (Манайд нийтлэг гардаг алдаа)
• Бусад төрлийн материалыг бодвол хаягдал ихтэй.
• Сүүлийн үед манайд үйлдвэрлэгдэж байгаа тоосгоны шатаалт харилцан адилгүй, маркандаа хүрэхгүй байх зэрэг эрсдэл их байна.

No comments:

Post a Comment