Зөвлөмж-7
Аливаа барилгыг зураг төсөлгүй гүйцэтгэх нь нүдээ боогоод газар хэмжихтэй адилхан. Амины орон сууцны зураг төслийг захиалагч нар ихэнхдээ илүү зардал гэж үзэж хийлгэх сонирхолгүй байдаг. Барилгын компаниуд ч гэрээний үнийн дүндээ багтааж үнэгүй зураг төсөл гаргаж өгнө гэж хэлдэг тул захиалагч нар үүнийгээ зураг хийлгэчихлээ гэж ойлгоод явдаг байдал амьдрал дээр түгээмэл байна. Нөгөөтэйгүүр энэ чиглэлээр ажлын зураг гүйцэтгэх компани нь заавал тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий этгээд байх ёстойгоос гадна ганцхан архитектор суугаад гаргачихдаг бичиг баримт биш болохыг та сайтар ойлгох ёстой.
Материалын түүвэр мөн бүхий л зургийн түвшинд хийгдсэн байх ёстой бөгөөд та зөвхөн материалыг зураг дээрх сонголт, өгөгдсөн тоо хэмжээний дагуу хянаад явах боломжтой юм.
Өөрөөр хэлбэл та иж бүрэн зураг төсөлтэй байснаараа ажлын явцыг, ажлын хурдыг ч хэмнэх төдийгүй илүү зардал гаргах ямар ч шаардлаггүй болно. Сайн зураг таныг мөн сайн гэрээ хийхэд ч туслана. Учир нь гүйцэтгэгч зургаас бүхий л мэдээллийг харж үнээ боловсруулах, ажлын төлөвлөгөөгөө гаргах боломжтой болох бөгөөд энэ нь та хоёрын хэнд нь ч тэр ажлын явцад элдэв “сюрприз” гарч ирэх магадлалыг бараг 90-98 хувь хүртэл бууруулна.
Дахиад хэлвэл “сайн зураг төсөл” бол “сайн төлөвлөгөө” юм. Тиймээс та “сайн төлөвлөгөө”-гөө боловсруулахад зургийн компанитай маш сайн нягт, уялдаж ажиллах хэрэгтэй юм шүү.
Зураг төслийн ажлын үнийг Барилгын норм ба дүрэм 81-16-12-ийн дагуу тодорхойлох бөгөөд та амины орон сууц бариулах гэж байгаа бол 2-р төрлийн барилгын хүснэгтэд байх үнийг харгалзах талбайтай нь харьцуулан сонгоно. Уг үнэнд гадна инженерийн шугам сүлжээ, инженер геологи, өндөржилтийн зургийн үнэ ороогүй болно. Энэхүү үнэ нь зөвхөн жишиг үнэ бөгөөд та уг үнийг баримжаалан зураг төслийн компанитай хэлцэл хийн гэрээнийхээ үнийг тодорхойлоход ашиглаарай. Зураг төслийн ажлын жишиг үнийн нормтой илүү дэлгэрэнгүй танилцах бол дараах хаягыг дагана уу.
No comments:
Post a Comment