Saturday, December 21, 2013

Газардуулга

Газардуулга гэж хүмүүс их сонссон боловч чухам ямар үүрэгтэй, ач тустай эд вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Зарим нэг хүн аянга цахилгаанаас авран хамгаалдаг эд гэж боддог. Арга ч үгүй юм. Өнөөдөр цахилгааны инженер хүнээс асуухад төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Хуучин социализмийн үед бэлтгэгдсэн цахилгааны инженерүүд бол үйлдвэр, цахилгаан станцад л хэрэгтэй болохоос айл гэр, албан тасалгаанд ямар хэрэг байхав гэж боддог байх. Бид өвлийн улиралд нэг нэгэнтэйгээ мэндлэх гээд гар барих, эсвэл элдэв метал биетүүд, цахилгаан тоног төхөөрөмжид хүрэхэд час хийн оч үсэрч, хуримтлагдсан цахилгаан цэнэг ялгардаг. Энэ цэнэг хаанаас үүсээд, яагаад хүнээс хүнд, биетээс биед дамжидаг вэ гэсэн асуудал гарч ирдэг.


http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif
Үүний гол учир нь бид газар дэлхий хэмээх агуу том дамжуулагч бөмбөлөг дээр зогсож байгаатай холбоотой юм. Нэг ёсондоо хүний бие гутал гэсэн тусгаарлагчтай дэлхий гэдэг дамжуулагчтай цахилгаан конденсаторын нөгөө дамжуулагч ялтас нь болоод бяцхан конденсатор үүсгэдэг байна. Хүний бие гэдэг бол ус, эрдэс бодис бүхий цахилгаан дамжуулдаг биет юм. Энэ багтаамж нь 100 пикофарад орчим өчүүхэн багтаамж юм. 

Тэгэхээр хүн алхаж гишгэхдээ газарын гадаргуутай үрэлцсэнээр тодорхой хэмжээгээр цэнэгждэг. Зуны улиралд агаар чийгтэй байдаг учир агаараар энэ цэнэг дамжин саармагждаг учир энэ үзэгдэл өвөл л их ажиглагдана. Энэ цэнэг нь хүний бие-гутал-дэлхий гэсэн конденсаторт хуримтлагдахдаа 8000Вольт хүрнэ! Аймаар их хүчдэл байгаа биз? Хүн цааш алхах тусам энэ хүчдэл нэмэгдэнэ. Өвлийн хуурай улиралд 30 мянган вольт хүрдэг гээд боддоо. Хүн өөрөө тэгээд энэ хүчдэлдээ цохиулаад үхчихдэггүй юм уу гэж гайхаж байна уу? Үнэн хэрэгтээ хүн цахилгаан гүйдэлд үхдэг болохоос хүчдэлд үхдэггүй юм. Энэ цэнэг өөр биет рүү дамжихдаа л гүйдэл үүсгэх боловч үүсгэх гүйдэл нь хэдхэн миллиампер гүйдэл үүсгээд нөгөө өчүүхэн цэнэг маань секундийг мянга хуваасны хэдхэн үед саармагжина гэсэн үг. Тэгэхээр үүсгэх гүйдэл нь хүний биед төдийлөн гэмтэл учруулж чадахгүй. Бид час хийх агшинд жоохон өвдөлт мэдэрдэг шүү дээ. 

Харин энэ цэнэг алдалтийн үзэгдэл компьютер мэтийн нарийн цахим төхөөрөмжийн эд анги руу дамживал юу болно гэж та бодож байна? Магадгүй та хэд хэдэн хулганаа хувцасаа тайлаад, компьютерийн ард суухдаа барьж аваад чадхийлгэж байсан байж мэдэх юм шүү. Энэ час хийсэн цэнэг алдалт компьютерийн товчлуур, телевизор гээд албан тасалгаа, айл гэрийн олон арван цахим төхөөрөмжийг жагсаалаас гаргадаг. Тэгвэл үүнээс хамгаалах гол арга бол цахим төхөөрөмжөө найдвартай газардуулах, бас газардуулагдсан металд эхлээд гараа хүргэж цэнэгээ алдагдуулж сурах явдал юм. Тэгэхээр газардуулгатай розеткатай, тэр нь найдвартай газардуулагдсан бол таны төхөөрөмж аврагдана. Газардуулаагүй байвал төхөөрөмжид шилжсэн цэнэг эд ангиудад хуваарилагдана гэсэн үг. Компьютерийн эд анги 5вольт, 12вольтоор ажилладаг. Харин таний бие 30мянган вольт цэнэгтэй байсан гээд бодоорой. Цахим төхөөрөмж бүр дотроо цахилгаан тэжээлийн хувиргагчаар өөрийгөө тэжээж байгаа. Энэ тэжээлийн хэсгээр дамжин шугамын хүчдэлээс хэлбэлзэл ирсэн тохиолдолд их бие (корпус) буюу газардуулагч руу дамжуулж хамгаалах элемент түүн дотор байрлуулсан байдаг. Энэ элементийг залгуур сэрээний хоёр үзүүр бүрт корпустай холбосон байдлаар хийсэн байгаа. Гэтэл таны төхөөрөмж газардуулагдаагүй байвал яах вэ? Нөгөө шугамын хүчдэлээр дамжиж ирсэн хэлбэлзэл нэгдүгээрт устаж алга болохгүй. За ийм хэлбэлзэл төдийлөн үүсээд байхгүй хотын орон сууцанд бол гэмтэл төдийлөн мэдрэгдэхгүй байх л даа. Гэр хорооллын хэлбэлзэл ямар байдаг билээ, тэгэхээр гэмтэх нь олон байх нь гарцаагүй байгаа биз? Газардуулгатай байсан бол аврагдах байлаа. 

Түүнээс гадна бид компьютерийг дэлгэц, принтер, сүлжээ, модем гэх мэт маш олон төхөөрөмжид холбож хэрэглэдэг. Түрүүний хамгаалах элемент маань их биетэй холбоотой байдаг гэж хэлсэн. Тэгвэл газардуулгагүй төхөөрөмжийн их бие дээр эдгээр хамгаалагч элэментүүдээр дамжин 220/2=110Вольт хүчдэл байнга гараад ирсэн байдаг. Заримдаа та компьютерийнхээ их биенд хүрч байгаад өөр төхөөрөмж юмуу фар гэж нэрлэдэг халаалтийн радиаторт хүрэхэд тог цохидог. Энэ бол харин ч хүний биед аюултай гүйдэл шүү! Та 110 вольтод цохиуллаа гэсэн үг. Хэрвээ газардуулсан байвал энд 0Вольт байна. Энэ хүчдэл бас төхөөрөмжөөс төхөөрөмжид маш аюултай! Асаалттай компьютерт принтерээ залгах гээд компьютерийн параллел портоо шатаах явдал албан газруудад өдөр бүр нэг гарч байгаа гэхэд буруудахгүй л болов уу. Манайхан принтерээ байнга нэгээс нэгэндээ дамжуулж хэрэглэж байгаа харагддаг. Бас л газардуулгагүй розетка хэрэглэсэний гай. Учир нь 2 төхөөрөмжийн корпусууд дээр хүчдэлийн ялгаа бий болсон байжээ. Тэр нь холбогч кабелиар дамжисанаас портыг эвдэлсэн байна. Тэр кабель бол зөвхөн нам хүчдэл дамжуулдаг байж таараа шүү дээ. 

1995 онд шиг санаж байна, намайг НИК ХК-д ажиллаж байхад 100-аад компьютерийн сүлжээний адапторууд нэгэн зэрэг шатаж байсан юмдаг. Газардуулгагүй розеткуудыг солиулах гэж зовж байсан маань нэг л өдөр шийдэгдсэн юм. Сүлжээний кабелиар хүчдэлийн зөрүү орж ирсэн гэсэн үг л дээ. Том албан газарт бол энэ зөрүү 380вольт болдог. Учир нь төхөөрөмжүүд хувьсах гүйдлийн өөр өөр фаз дээр холбогдсон байдаг. Аан тийм мартах шахлаа. Манайд заримдаа орцоороо хүчдэл хэт ихсээд айлуудын хамаг хөргөгч ТВ, гэрэл чийдэн эвдэрсэн тухай маргаан гардаг. Бас гэр хороололд гудамжаараа шатсан гээд ТВ-ээр гарч байсан. 

Үүний учир нь бидний хэрэглэдэг шугамын 220вольт бол 380вольтийн 3 фазын шугамын зөвхөн нэг фаз буюу салаа нь байдаг. Тэгвэл нэг орцныхон нэг фаз дээр, нөгөө орцныхон нөгөө фаз дээр бүгд холбоотой байдаг. Энэ үед 0вольтын шугам буюу "нейтрал" шугам тасарвал энэ хоёр орцны нийт хүчдэл 380вольт болж очдог байна. Ингээд айлуудын үнэт эд зүйлс хог болдог. Харин газардуулгатай байсан бол бас л аврагдана гэсэн үг. За тэгэхээр ухаантай хүмүүс яагаад залгуурыг газардуулга гэдэг гурав дахь шонтой хийдэг, төхөөрөмжүүд маань холбох утас нь 3 байдагийн учир энэ. Өмнөх нийтлэлд байгаа "Schuko" залгуурыг сайн харж аваарай. Харин манайхан 19-р зууны 2 шонтой залгуураа л хэрэглээд байдаг. 20 биш 21-р зуунд орчихсон байдаг...


1 comment:

  1. sain bnu. Bi gazarduulgiin tuhai nemelt medeelel haij bgaa yuma. Yamar BnBD-deerees iluu delgerenguigeer unshij boloh we

    ReplyDelete