Sunday, March 9, 2014

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.

Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм.  Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна. 

Энергийн ангилал нь тухайн газар хөдлөлтөөс үүссэн энергийн хэмжээг зэрэгчилж оруулсан утга байдаг. Тус ухагдахууныг Оросын эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд оруулж ирсэн бөгөөд одоогоор зөвхөн тус улсын хүрээнд албан ёсоор мөрдөгдөж байгаа. Манай улсын хувьд 1994 он хүртэл энэхүү хэмжигдхүүнийг ашиглаж ирсэн ба магнитуд тодорхойлолтын хувьд дараахь шүтэлцээг ашиглаж ирсэн.
K=4+1.8Ml  (K ≤14)  ба К=8+1.1Ml   (K >14)
Балл гэдэг нь тухайн газар хөдлөлт хүрээлэн буй орчин ба хүмүүст хэрхэн мэдэгдсэнээр тодорхойлогдох доргилтын хүчийг илэрхийлж байгаа хэмжигдэхүүнийг газар хөдлөлтийн эрчим буюу балл гэж нэрлэдэг. Газар хөдлөлтийн баллыг тогтоосон шаталбар нь газар хөдлөлтийн голомтын механизм, геологийн тогтоц, геотектоникийн үйл ажиллагаа, хот байгуулалт, барилгын хийцийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.  Манай орны хувьд доргилтийн хүчийг MSK-78 шаталбар буюу XII баллын шаталбарт оруулж тодорхойлдог. Баллын шаталбарыг зохиоход газрын гадаргууд үүссэн эвдрэл, хагарлын хэмжээ, барилга байгууламжид учирсан эвдрэлийн зэрэг, хүн амьтан нэрвэгдсэн болон тэдэнд мэдэгдсэн байдлаар зэрэглэнэ. Баллын үнэлгээг тогтоохын тулд дээрх үзүүлэлтээр мэдээлэл цуглуулж, мэргэжлийн түвшинд боловсруулсан арга зүйгээр ижил баллын бүсийг тогтоодог. Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болоход орон нутагт мэдээлэл цуглуулах (макромэдээ цуглуулах загвар) ба хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй тусгайлсан судалгааг хийдэг.

1 comment: